Categories
jci-mongolia-corporation

JCI

JCI байгууллага нь Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүс сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд өнөөдрийн байдлаар 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200.000 идэвхтэй, 1.000.000 илүү дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэн Нэгдсэн Үндэстний Байгууллага, Олон Улсын Худалдааны Танхим, Пан Америкийн болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, CONGO (Төрийн бус байгууллагуудын чуулган), YBI (Олон улсын залуу бизнесмэнүүдийн холбоо), Интер-Америкийн сан зэрэг олон улсын томоохон байгууллагуудтай хамтарсан үйл ажиллагааг дэлхийн өнцөг булан бүрт явуулж байна. JCI байгууллагыг залуу хүмүүст өргөн боломж олгодог байгууллага гэж ойлгож болох ба гишүүн болсоноор бид өөрт болон нийгэмд юу шаардлагатайг олж мэдэхээс гадна өөрсдийн үйл ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжийг хувь хүний, нийгмийн, олон улсын ба бизнесийн хүрээнд олж авдаг. 

JCI БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО: 

Эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох

JCI БАЙГУУЛЛАГЫН АЛСЫН ХАРАА:

Идэвхтэй, залуу иргэдийн дэлхийд тэргүүлэгч сүлжээ байх

JCI БАЙГУУЛЛАГЫН ИТГЭЛ ҮНЭМШИЛ БУЮУ ТУНХАГ: 

Итгэл үнэмшил хүний амьдралыг утга учир, зорилготой болгоно гэдэгт 
Ахан дүүсийн барилдлага улс үндэстний хилийг даван гарна гэдэгт 
Эрх чөлөөт хүмүүс эдийн засгийн шударга ёсыг тогтооно гэдэгт
Хувь хүнээр бус хуулиар зохицуулагддаг засаг төртэй байна гэдэгт
Энэ ертөнцийн эрхэм баялаг хүний мөн чанарт оршино гэдэгт
Хүн төрөлхтний төлөө зүтгэх нь амьдралын хамгийн чухал үйлс мөн гэдэгт
БИД ИТГЭДЭГ 

JCI-ИЙН 4 БОЛОМЖ: 
ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ: “ЭНЭ ЕРТӨНЦИЙН ЭРХЭМ БАЯЛАГ ХҮНИЙ МӨН ЧАНАРТ ОРШИНО” 

JCI нь гишүүдээ сургалтын тусгай хөтөлбөрөөр буюу JCI-ийн гишүүний, албан тушаалтны, сургагчийн зэрэг чиглэлээр хөгжүүлдэг. Өдөр тутам хувьсан өөрчлөгдөж буй орчин үед нэн шаардлагатай манлайллын ур чадваруудыг сургалт төдийгүй үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүд зохион байгуулах, тэдгээрт оролцуулах замаар гишүүддээ хүргэдэг.

НИЙГМИЙН ОРОЛЦОО: “ХҮН ТӨРӨЛХMНИЙ ТӨЛӨӨ ЗҮТГЭХ НЬ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ЧУХАЛ ҮЙЛС МӨН” 

JCI-ийн гишүүн бүр өөрийн амьдарч байгаа нийгмийнхээ идэвхтэй иргэн болохын хувьд тухайн нийгмийн шаардлагыг мэдрэх, тэдгээр асуудлыг ойлгох, мөн шийдвэрлэхэд суралцан өөрийн төдийгүй хамтрагчдынхаа бизнесийг нийгмийн хариуцлагатай байхад уриалан манлайлж эх дэлхийнхээ сайн сайхны төлөөх үйлсэд хувь нэмэр оруулж байдаг.

ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА: “АХАН ДҮҮСИЙН БАРИЛДЛАГА УЛС ҮНДЭСТНИЙ ХИЛИЙГ ДАВАН ГАРНА” 

Дэлхий улам л “жижиг” болж хүмүүс газар нутгаар алслагдмал л улам илүү харилцан хамааралтай амьдардаг болж байна. Орон орны JCI-ийн гишүүд харилцан нөхөрлөж хамтран ажилласнаар дэлхий ертөнцөд тулгараад байгаа олон асуудлыг хамтдаа шийдвэрлэн эерэг өөрчлөлтийг дэлхий даяар түгээж байдаг.

БИЗНЕСИЙН БОЛОМЖ: “ЭРХ ЧӨЛӨӨТ ХҮМҮҮС ЭДИЙН ЗАСГИЙН ШУДАРГА ЁСЫГ ТОГТООНО” 

JCI-ийн олонх гишүүд ямар нэг бизнесийн байгууллагад ажилладаг эсвэл өөрийн гэсэн бизнестэй байдаг. Дэлхийн хоёр зуун гаруй мянган JCI-ийн гишүүн бизнесмэн энэ сүлжээгээ ашиглан дотоод болон гадаадаас туршлага солилцох, бизнесийн чиглэлийн уулзалт, сургалтад оролцох, харилцан нөхөрлөж хамтран ажиллах замаар бизнесээ хөгжүүлснээр улс орныхоо эдийн засагт бодит хувь нэмэр оруулдаг.

JCI-ИЙН ҮЗЭЛ САНАА: 

BE BETTER JCI-ийн гишүүд бид "Be Better" буюу "Илүү сайн байх"-ыг уриагаа болгож нийгэмд хамгийн тулгамдаж буй асуудалд анхаарлаа хандуулан тэдгээрийг шийдвэрлэхэд гар бие оролцохыг чухалчилдаг. Бид илүү сайхан ертөнцийг бий болгох, илүү сайхан ирээдүйг бүтээхийн тулд илүү сайн шийдлүүдийг эрэлхийлж байдаг. 

Жинхэнэ идэвхтэй иргэд: Бид бүгдээрээ нэг дэлхийн иргэд учир ижил эрхтэй,адилхан хариуцлагатай, мөн нэгдмэл зорилготой. Идэвхтэй иргэд байснаараа бид тэдгээр зорилгынхоо төлөө хамтдаа тэмүүлж орчин тойрондоо тустай үйлс бүтээх нийгмийн хариуцлагаа ухамсартайгаар биелүүлдэг. JCI-ийн үүсгэн байгуулагч Хенри Гиссенбир жинхэнэ идэвхтэй иргэн байсан. Тэр 1910 онд залуусыг нэгтгэх анхны алхмыг хийснээс хойш дэлхий дахины JCI-ийн гишүүд өнөөг хүртэл түүний замналаар замнаж нийгмийн үйлсэд оролцсоор байна. 

Дэлхий нийтийн идэвхтэй иргэдийн хөдөлгөөн: JCI-ийн үйл ажиллагаа орон нутгийн хэмжээнд зохион байгуулагддаг хэдий ч бидний зарчим бол олон улсын түвшинд тэдгээрийн үр нөлөөг хүртээх явдал юм. Гишүүдийн маань хийсэн үйлс бүхэн даяарчлагдсан дэлхий нийтэд уриалга болно гэж бид үздэг. JCI–ийн 5,000 салбар байгууллага олон улсын түвшинд эерэг өөрчлөлт бүтээх дэлхийн хэмжээний хөдөлгөөнд өөр өөрсдийн хүрээллийн ажлуудаараа нэгддэг. 

Манлайллын нэг жил: Энэ зарчмын хамгийн чухал нь жил бүр шинэ гишүүддээ манлайллын боломжийг санал болгодог. Од мэт гялалзах нэг жил. Амжилт бүтээлийн нэг жил. Манлайллын нэг жил.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *