JCI байгууллагын 6 гишүүн Г.Ариунбилэг, Ж.Дамдинцэрэн, А.Мэнд-Орших, Н.Учрал, Х.Хатанбаатар, Э.Энхриймаа нар хүсэл сонирхлоороо нэгдэн JCI Гранд салбар байгууллагыг шинээр үүсгэн байгуулах албан хүсэлтээ 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр “Үндэсний байгууллага гишүүн байгууллага элсүүлэх журам”-ын 2.1.1. дүгээр заалтын дагуу хүргүүлж, JCI Монгол байгууллагын Удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 18/01-04 тоот шийдвэрээр JCI Гранд салбар байгууллагыг үүсгэн байгуулах эрхээ авч, JCI Монгол байгууллагын Удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18/01-15 тоот шийдвэрээр батламжлагдан албан ёсны салбар байгууллага болсон.
- JCI Гранд салбар байгууллага нь JCI байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлс, зарчмыг баримтлан, эх орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж яваа манлайлагч залуус, идэвхтэй иргэдийг эгнээндээ нэгтгэн, хүүхэд залуус, өсвөр үеийнхнийг өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй, тэмүүлэл, зорилготой болгох олон талт төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулан Монгол хүний оюуны чадамжийг дэлхийд таниулах зорилготой.
- Анх 2018 онд 200 орчим сонирхогч гишүүнтэйгээр, албан ёсны салбар байгууллага болж батламжлагдсан 2019 онд 101 үндсэн гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлж, үндсэн гишүүдийн тоо тасралтгүй өссөөр 2022 онд 116 үндсэн гишүүн, 200 орчим сонирхогч гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
- Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн тасралтгүй 100% бүтээмжтэй ажиллаж ирсэн ба JCI байгууллагын гишүүдийн хүрээнд зохион байгуулагддаг гадаад, дотоод арга хэмжээнүүдэд амжилттай оролцож, өргөмжлөл, медаль, цомын эзэд болж, JCI Монгол байгууллагын бүхий л үйл ажиллагаанд манлайлан оролцсоор ирсэн. Мөн үүсгэн байгуулагчдын нэг Ж.Дамдинцэрэн нь JCI Монгол байгууллагын 2022 оны Үндэсний Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
- Бид ирээдүйн боловсролтой иргэдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах үүднээс Номын мангас, Номоо солилцъё, Оюун түлхүүр төслүүдийг, JCI Монгол байгууллагын гишүүдийн бизнесийг таниулах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор CoupOne төсөл, Surprise Box хөтөлбөр, хотын соёлыг түгээх зорилгоор Нийслэлийн Соёл Урлагийн газартай хамтран Соёлтой Бол Гоё төсөл, УИХ гишүүн Н.Учралын санаачилгаар Саруул Монгол төсөл, JCI Монгол байгууллагын малгай төсөл болох OneCommunity, Өрх төслүүдийг амжилттай хэрэгжүүлсээр байна.