Categories
jci-corporations

JCI Централ

2003 оны 10-р сарын 18-ны өдөр С.Эрдэнэ, Ц.Түвшинбаяр, Д.Сүрэнчимэг нарын итгэл, зүтгэлээр нэгдсэн 26 гишүүн Жэй Си Ай Улаанбаатар Централ Салбар байгууллагыг байгуулжээ. Анх салбар байгуулахад Ulaanbaatar West, East гэх зэрэг олон нэр дэвшүүлж байсан ч үүсгэн байгуулагчид маань алсын хараагаа нийгмийн бүхий л салбарт “Жинхэнэ төгс хүчирхэг манлайлал” гэж тодорхойлсон учир ЦЕНТРАЛ буюу шилдгүүдийн төв, татах хүч байх гэсэн утгаар, нөгөө талаас нийслэл хотынхоо нэрийг заавал авч явах ёстой хэмээн JCI Улаанбаатар Централ нэрийг сонгосон ба “Улаанбаатар Централ” нэрийг хадгалж үлдэхийн тулд олон эсэргүүцлийг даван гарсан гэдэг.

Манай Салбар байгууллага байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын нийгмийн урдаа барьдаг залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн томоохон цул хүч байсан бөгөөд тухайн үед бид, ийм түвшний залуучуудад ямар сургалт хэрэгтэй байх вэ дээ хэмээн хошигнон ярилцдаг байлаа. Харин “Хүн насан туршдаа, бие биенээ ойлголцсон түвшинд суралцах нь хамгийн чухал байдаг” гэсэн 2006 оны Ерөнхийлөгч Ч.Бямбаагийн хэлсэн үгэнд JCI-ийн, тэр дундаа Та бидний бахархал болсон JCI УБ Централ салбар байгууллагын маань мөн чанар оршиж буй.

Тус салбар байгууллагаас бидний эрхэмлэн хүндэтгэж явдаг С.Эрдэнэ, П.Батсайхан, Г.Гантулга, С.Сайнбат нарын дөрвөн Үндэсний Ерөнхийлөгч, Ц.Түвшинбаяр, Д.Сүрэнчимэг, Ц.Гүндэгмаа нарын 25 JCI Сенатор төрөн гарсан нь өнөөгийн гишүүд та бидний төдийгүй ирээдүйн мянга мянган гишүүдийн маань манлайлах замналын эхлэлийг нэгэнт тавьжээ.

JCI УБ Централ салбар байгууллагын маань үе үеийн гишүүдийн санаачилга, хөдөлмөрийн үр дүнд хүүхэд залуус, нийгэмд хандсан, мөн ирээдүйн JCI-ийн гишүүдийг бэлтгэх, тусламж дэмжлэг нэн шаардлагатай хүүхдүүдэд боломж олгох “Нярай хүүхдийн өлгий”, “Зүү”, “Батарей”, “Компьютер”, “Тулгын гурван чулуу”, “JCI Business Directory”, “School Zone”, “Wanpaku Sumo” зэрэг 50 гаруй төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсний дотор “Үндэс Нэгтэй Цэцэгс” төсөл маань 2011 оны Ази Номхон Далайн Бүсийн Чуулганаас "Local organization - Best Youth Activities Program" буюу "Салбар байгууллагын төрөл – Хүүхэд Залуучуудад зориулсан шилдэг төсөл" шагналыг хүртсэн нь JCI Монгол байгууллагын түүхэнд ASPAC-аас авсан анхны шагнал юм. Түүнчлэн бид JCI-ийн олон улсын болон Үндэсний хэмжээний 130 гаруй арга хэмжээнд цаг үргэлж манлайлан оролцож АСПАК-ийн 3 удаагийн Mongolian Night, Үндэсний 2 удаагийн чуулган, Ерөнхийлөгчийн нэрэмжит 2 удаагийн академи зэрэг Үндэсний байгууллагын хэмжээний томоохон ажлуудыг хүлээн авч амжилттай зохион байгуулж ирсэн.

Манай салбар байгууллага байгуулагдсанаас хойшхи 10 гаруй жилийн хугацаанд JCI Монгол байгууллагын хэмжээний уралдаан тэмцээн, арга хэмжээнүүдээс 20 гаруй шагнал, медаль авч 2 удаа шилдэг салбар байгууллагаар шалгарсан ба Дэлхийн JCI-аас Үндэсний шилдэг Ерөнхийлөгч, ASPAC-аас “Хүүхэд залууст хандсан шилдэг төсөл” зэрэг томоохон шагналуудыг эх орондоо анх удаа авчирсан нь манай ажил хэрэгч гишүүдийн эв нэгдэл, ойлголцол, нөхөрлөлийн үр дүн, Централчууд бидний бахархал юм.

Тайваны Тайпэй хотноо явагдсан Ази Номхон Далайн Бүсийн Чуулганы үеэр хамгийн анхны Mongolian Night арга хэмжээ, ASPAC-ийн үеэр Монгол улсаа төлөөлөн тависан анхны илтгэл, “JCI Монголын Үндэсний Чуулгануудын түүхэн хуудас” нэртэй үзэсгэлэн, JCI Монголын түүхэнд гишүүдийн хамтран бүтээсэн анхны ном, JCI Монгол Өдөрлөгийг санаачилсан, JCI Монголын Үндэсний Чуулганыг Төрийн Ордонд ёслол төгөлдөр зохион байгуулсан гээд анхны бөгөөд хамгийн тодотголтой олон үйлсийг үе үеийн Централчууд бүтээсэн нь бидний амжилт,бахархах түүх юм.

JCI-ийн бидэнд олгодог нэгэн гайхалтай сайхан зүйл бол эгч дүүсийн барилдлага байдаг. Эрдэнэт салбар байгууллага манай салбарыг байгуулагдах түүхэн цаг мөчид үнэнч анд нөхөр, зөвлөгч нь байсан учраас бүхий л хугацаанд манай хоёр салбар салшгүй бат бөх найрамдал, нөхөрлөл, эгч дүүсийн халуун дотно харилцаатай явсаар ирсэн. Харин 2006 оноос эхлэн JCI Jeju буюу Солонгосын хамгийн хүчтэй салбартай эгч дүүсийн харилцаа тогтоож хамтдаа нийгэмд төдийгүй гишүүдийнхээ хамтын ажиллагааг хөгжүүлэх “Зүү” төслийг хэрэгжүүлж байсан ба одоогоор “Бадминтон” болон “Jeju оймс” төслүүдийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн бид 2014 онд JCI Токио Салбар байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, энэхүү хамтын ажиллагааныхаа эхлэл болгож “Wanpaku Sumo 2014” Сумо бөхийн Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хамтдаа амжилттай зохион байгуулсан бол 2015 оны 2-р сарын 7-ны өдөр ОХУ-ын JCI Старс Салбар байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж Салбар байгууллагынхаа түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм.

JCI Монголын 2006 оны Ерөнхийлөгч, JCI УБ Централ салбар байгууллагын 2004 оны Ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч С.Эрдэнийн хэлж байсан “Цаг хугацаа хамгийн сайн шалгуур гэлцдэг. Гэхдээ манай Салбар байгууллагын хувьд хамгийн том шалгуур бол цаг хугацаа төдийгүй хамтын ажиллагаа байсан юм” хэмээх энэ сайхан үг одоо ч хүчин төгөлдөр байгааг та бид харж бас мэдэрч байна.

Бахархах түүхтэй салбар байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөж явахын ерөөлийг 2007 оны Дэлхийн шилдэг Үндэсний Ерөнхийлөгч П.Батсайханы “Жэй Сигээс зохион байгуулж байгаа ажил бүхэнд оролц. Тэр үед чамд үр шим нь ирэх болно” хэмээх агуулга дүүрэн үгийн хамт нийт гишүүд та бүхэндээ дэвшүүлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *